Гэр, оффис, дэлгүүр болон үйлчилгээний талбайд цахилгааны унтраалга, розетка, залгуур өдөр бүр ашиглагддаг. Эдгээр бүтээгдэхүүн жижиг хэмжээтэй боловч тав тух, аюулгүй ажиллагаа, интерьерийн харагдах байдалд чухал нөлөөтэй юм.
Унтраалга, розетка, залгуурын ялгаа
Эдгээр нэр томьёог өдөр тутмын ярианд хооронд нь сольж хэрэглэх тохиолдол байдаг. Гэхдээ зориулалт нь өөр.
Унтраалга нь гэрэл болон тодорхой цахилгаан хэлхээг асааж, унтраах зориулалттай. Нэг товчлууртай, хоёр товчлууртай, олон цэгээс удирддаг, мэдрэгчтэй зэрэг янз бүрийн төрөлтэй.
Розетка нь цахилгаан хэрэгслийн залгуурыг холбох суурин оролт юм. Манай бүтээгдэхүүн нь ханын, далд, ил, шалны, тагтай, USB оролттой зэрэг олон хувилбартай. Мөн чанартай бөгөөд чамин, удаан хугацаанд өнгөө алдахгүй байдаг.
Цахилгааны залгуур нь төхөөрөмжийн кабелийн үзүүрт байрлаж, розетканд холбогддог хэсэг юм. Мөн өдөр тутмын хэрэглээнд олон салаалагч болон уртасгагчтайг нь “уртасгагч залгуур, урт залгуур” гэж нэрлэх нь бий.
Унтраалга, розеткаг нэг загварын цувралаар сонговол өрөөний интерьер илүү цэгцтэй харагдана. Нэг хүрээнд унтраалга, цахилгааны розетка, сүлжээний оролт зэрэг хэд хэдэн модулийг хослуулан суурилуулах боломжтой загварууд ч байдаг.

Унтраалга сонгохдоо юуг анхаарах вэ?
Удирдах гэрлийн тоо
Нэг гэрэл эсвэл нэг гэрлийн бүлгийг удирдах бол нэг товчлууртай гэрлийн унтраалга тохиромжтой. Харин таазны үндсэн гэрэл, ханын гэрэл, гоёлын гэрлийг тусад нь асаах шаардлагатай бол хоёр эсвэл гурван товчлууртай загвар сонгож болно.
Товчлуурын тоо олон байх тусам суурилуулалтын утас, холболтын бүтэц нарийн болдог. Иймээс цахилгааны төлөвлөгөөг урьдчилан гаргах нь зүйтэй.
Энгийн болон хоёр талаас удирдах унтраалга
Унтлагын өрөөнд гэрлийг хаалганы дэргэд асааж, орны хажуугаас унтраах шаардлага гардаг. Мөн урт коридор, шатны хоёр талд нэг гэрлийг өөр өөр цэгээс удирдах хэрэгцээ шаардлага яах аргагүй гардаг.
Ийм нөхцөлд энгийн унтраалгаас ялгаатай зориулалтын дамжих унтраалга ашиглана. Утасны холболт нь ердийн гэрлийн унтраалгаас өөр учраас бүтээгдэхүүний зориулалтыг зөв зохистой, нарийн тодорхойлох хэрэгтэй.
Дуу чимээ, товчлуурын ажиллагаа
Сайн унтраалгын товчлуур жигд хөдөлгөөнтэй, гацалтгүй, хэт сул биш байх ёстой. Асааж унтраах үед хэвийн бус байдлаар шаржигнах, оч үсрэх, түлэгдсэн үнэр гарах ёсгүй гэдгийг анхаараарай.
Хүүхдийн өрөө, унтлагын өрөө, зочид буудалд ашиглах бол зөөлөн ажиллагаатай, дуу чимээ багатай загвар илүү тохиромжтой.
Хүрээ, өнгө, материал
Унтраалга нь цагаан, хар, саарал, алтлаг болон металл өнгөлгөөтэй байж болно. Сонгохдоо хана, хаалга, тавилгын өнгөтэй зохицох эсэхийг харгалзан тооцож үзэх ёстой.
Нэг өрөөнд өөр өөр загварын унтраалга, розеткаг хольж суурилуулахын оронд ижил цувралын бүтээгдэхүүн ашиглавал илүү цэвэрхэн дэгжин, мэргэжлийнх мэт харагдана.
Розетка сонгох үндсэн үзүүлэлтүүд
Газардуулгатай эсэх
Газардуулгатай розетка нь компьютер, хөргөгч, угаалгын машин, оффисын тоног төхөөрөмж болон металл их биетэй цахилгаан хэрэгсэлд тохиромжтой.
Гэхдээ розетка өөрөө газардуулгын контакттай байхаас гадна барилгын цахилгааны газардуулгын шугам зөв холбогдсон байх шаардлагатай. Зөвхөн гаднах хэлбэрээр нь газардуулгатай гэж үзэх нь буруу юм
Ашиглах төхөөрөмжийн ачаалал
Розетканд залгах төхөөрөмжийн хүчих чадлыг урьдчилан тооцоолох хэрэгтэй. Гар утасны цэнэглэгч, компьютер, дэлгэц зэрэг төхөөрөмж болон цахилгаан халаагуур, ус буцалгагч, цахилгаан зуух зэрэг өндөр хүчин чадлын төхөөрөмжийн ачаалал бас адилгүй байдаг.
Нэг розетканд олон салаалагч давхарлан холбож, олон өндөр чадлын төхөөрөмж зэрэг ашиглах нь контакт болон кабелийг халаах эрсдэлтэй. иймээс олон цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглахаас болгоомжлох ёстой.
Цахилгааны шугам, хамгаалалтын автомат, кабелийн хэмжээ, розетканы нэрлэсэн үзүүлэлт хоорондоо тохирсон байх ёстой.
Хүүхэд хамгаалалттай розетка
Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд дотор хаалт бүхий хүүхэд хамгаалалттай розетка сонгох нь маш зүйтэй. Хаалт нь нэг нүх рүү тусад нь ямар нэгэн зүйл хийхэд нээгдэхгүй бөгөөд залгуурын хоёр шон зэрэг ороход нээгддэг хийцтэй байдаг.
Гэхдээ хамгаалалттай розетка ашигласан ч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн орлож чадахгүй. Розетканы байрлал болон гэрийн бусад хамгаалалтыг мөн анхаарч, хүүхэд, настайчуудийн аюулгүй байдлын төлөө санаа тавих ёстой.
USB оролттой розетка
USB оролттой цахилгааны розетка нь гар утас, таблет болон жижиг төхөөрөмжийг нэмэлт цэнэглэгчгүй холбох боломжтой.
Сонгохдоо USB оролтын төрөл, гаралтын чадал, төхөөрөмжтэй нийцэх эсэхийг шалгаарай. Олон жил ашиглах суурин бүтээгдэхүүн учраас зөвхөн гаднах загвар бус, дотоод эд анги болон хамгаалалтын чанаруудыг илүү анхаарах ёстой шүү.

Шалны розетка ямар давуу талтай вэ?
Өрөөний голд байрлах ширээ, буйдан, хурлын ширээ эсвэл худалдааны лангууны ойролцоо цахилгаан хэрэглэх шаардлага гардаг. Ханын розетка хол байвал уртасгагч залгуур шалан дээгүүр татах хэрэгтэй болдог.
Энэ нь өрөөг эмх замбараагүй харагдуулдаг бөгөөд залгуурын утсанд хүн бүдрэх, кабель гэмтэх ба залгуур сугарах зэрэг олон эрсдэл дагуулж байдаг.
Харин шалны розетка нь цахилгааны холболтыг хэрэгтэй байрлалд нь гаргаж өгдөг бол түүнийг дараах орчинд ашиглахад тохиромжтой:
- хурлын ширээний доор;
- оффисын ажлын байрны дэргэд;
- зочны өрөөний буйдангийн ойролцоо;
- дэлгүүрийн лангуу, кассын хэсэгт;
- ресторан, кофе шопын танхимд;
- сургалт, спорт болон хурлын зааланд.
Далд болон поп-ап шалны розетка
Далд шалны розетка нь ашиглаагүй үедээ тагтайгаа шалны түвшинд ойролцоо байрлана. Интерьерт бага анзаарагддаг тул орон сууц, оффис, зочид буудалд тохиромжтой.
Поп-ап шалны розетка нь тагийг дарах эсвэл өргөх үед дээш гарч ирдэг. Цахилгаан, USB, сүлжээний оролтыг нэг дор байрлуулах шаардлагатай хурлын ширээ, ажлын хэсэгт практик сонголт болдог.
Хүн их явдаг орчинд тагны бат бөх байдал, түгжээ, нугас, шалтай тэгш суух эсэхийг шалгах хэрэгтэй.
Шалны төрөлтэй тохируулах
Модон шал, ламинат, хивсэнцэр, плитан болон чулуун шалны зузаан харилцан адилгүй. Тиймээс шалны розетка сонгохдоо зөвхөн гаднах хэмжээг биш, суурилуулах хайрцгийн гүн, хүрээний хэмжээ, тагны өндөр зэргийг тооцно.
Таг шалнаас хэт өндөр гарвал хүн бүдрэх эрсдэлтэй. Хэт гүн суувал нээхэд хүндрэлтэй бөгөөд завсраар тоос, чийг орох магадлал нэмэгдэнэ.
Унтраалга, розетканы иж бүрдлийг хэрхэн сонгох вэ?
Унтраалга, розеткаг хамтад нь худалдан авахдаа эхлээд өрөө тус бүрд шаардлагатай тоо, төрлийг гаргах хэрэгтэй.
Жишээлбэл, зочны өрөөнд дараах бүтээгдэхүүн шаардлагатай байж болно:
- нэг болон хоёр товчлууртай гэрлийн унтраалга;
- телевизийн ойролцоох цахилгааны розетка;
- сүлжээ болон телевизийн кабелийн оролт;
- буйдангийн ойролцоох шалны розетка;
- гар утас цэнэглэх USB оролттой розетка.
Гал тогоонд өндөр чадлын цахилгаан хэрэгсэл ашигладаг тул төхөөрөмж тус бүрийн байрлал, ачааллыг урьдчилан тооцно. Угаалгын өрөө болон чийгтэй хэсэгт хамгаалалтын тагтай, тухайн орчинд тохирсон розетка сонгох шаардлагатай.
Оффист ажлын ширээ, хурлын өрөө, принтерийн хэсэг, сервер болон амралтын бүсийн хэрэгцээ өөр байна. Иймээс бүх хэсэгт нэг ижил төрлийн розетка суурилуулахын оронд хэрэглээнд нь тохируулан сонгох нь зөв.
Унтраалга, розетка холбох үед анхаарах зүйл
Гэрлийн унтраалга холбох, розетка суурилуулах, шалны розетка холбох ажил нь цахилгааны аюултай ажиллагаанд хамаарна.
Ажил эхлэхээс өмнө цахилгааны тэжээлийг бүрэн салгаж, хүчдэлгүй болсныг зориулалтын багажаар шалгах шаардлагатай. Утасны өнгөөр шууд дүгнэлт хийхгүй, хэлхээг хэмжилтээр баталгаажуулах хэрэгтэй.
Холболт сул байвал контакт халах, хайлах, оч үсрэх, галын аюул үүсэх эрсдэлтэй. Газардуулга, хамгаалалтын автомат, алдагдлын гүйдлийн хамгаалалт болон кабелийн хэмжээ зөв эсэхийг мөн шалгана.
Шалны халаалттай хэсэгт шалны розетка суурилуулах бол халаалтын кабель болон усны хоолойн байрлалыг урьдчилан тодорхойлох шаардлагатай.
Унтраалга, розетка холбох ажлыг туршлагатай, мэргэжлийн цахилгаанчинд даатгах нь хамгийн найдвартай.
Эвдрэл гарсныг хэрхэн мэдэх вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл унтраалга, розетка, залгуурыг үргэлжлүүлэн ашиглаж болохгүй:
- унтраалга гацах эсвэл хэт халж эхлэх;
- розетка залгуурыг сул барих;
- залгуур холбоход оч үсрэх;
- шаржигнах болон хэвийн бус дуу гарах;
- хуванцар хэсэг өнгөө алдах;
- түлэгдсэн үнэр үнэртэх;
- шалны розетканы таг хаагдахгүй болох;
- кабель болон залгуурын гадаргуу халж эхлэх.
Ийм үед цахилгааны тэжээлийг салгаж, гэмтсэн хэсгийг мэргэжлийн хүнээр шалгуулна. Зөвхөн гаднах тагийг солих бус, доторх контакт болон кабелийн холболтыг хамтад нь шалгах хэрэгтэй.
Зөв сонголт тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ
Унтраалга, розетка, цахилгааны залгуур нь өдөр бүр олон удаа ашиглагддаг учраас чанар, тохиромжтой байрлал, найдвартай холболт хамгийн чухал.
Гэрлийн унтраалгыг өрөөний хэрэглээнд тохируулж, розетканы тоог цахилгаан хэрэгслийн байрлалаар төлөвлөж, шаардлагатай хэсэгт шалны розетка суурилуулснаар уртасгагч залгуурын хэрэглээг багасгаж болно.
Нэг загварын цувралын унтраалга, розетка сонговол интерьер цэгцтэй харагдахаас гадна хүрээ, модуль болон нэмэлт оролтуудыг хооронд нь тохируулахад хялбар байдаг.
Зөв бүтээгдэхүүн сонгож, мэргэжлийн түвшинд суурилуулснаар гэр, оффисын цахилгааны хэрэглээ илүү аюулгүй, эмх цэгцтэй, өдөр тутам ашиглахад тухтай болно.













